Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилготой “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ийг улсын хэмжээнд 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Тус сургуулийг Монгол Улсын Шадар сайдын баталсан “Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын сургууль зохион байгуулах хуваарь”, Эрүүл мэндийн сайдын 2026 оны А/151 дүгээр тушаалын хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, олон улсын байгууллагууд хамтран оролцож байгаа юм.
Команд штабын сургуулилтын хүрээнд:
• Гамшгийн үеийн хариу арга хэмжээний төлөвлөлт
, зохион байгуулалтыг сайжруулах;
• Шуурхай штабын үйл ажиллагааг жигдрүүлэх;
• Гамшгийн үед байгууллагуудын нэгдсэн удирдлагын тогтолцоог тодорхойлох;
• Бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг хангах;
• Эрүүл мэндийн салбарын тогтвортой ажиллагааг хангах чадавхыг нэмэгдүүлэх;
• Гоц халдварт өвчин, газар хөдлөлт, химийн осол, ой хээрийн түймэр, уул уурхайн осол зэрэг болзошгүй эрсдэлийн үед ажиллах дадлага сургуулилтыг зохион байгуулна.
Сургуулилтын үйл ажиллагаанд нийт 40 гаруй эрүүл мэндийн байгууллагын 3000 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэн, алба хаагчид оролцож, эрүүл мэндийн байгууллагуудын гамшгийн үеийн бэлэн байдал, хүч хэрэгсэл, нөөц хангамж, удирдлага зохион байгуулалт, хамтын ажиллагааны чадавхыг үнэлэх юм.
Энэ удаагийн сургуулилтад сурталчилгаа, хэвлэл мэдээллийн баг онцгой үүрэгтэй оролцож байгаа бөгөөд гамшгийн үеийн үнэн зөв, шуурхай мэдээллийг олон нийтэд хүргэх, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, зөв хандлагыг төлөвшүүлэх үүргийг гүйцэтгэж байна




